Б.Баярсайхан: Засгийн газар төсвийн тухай хууль зөрчсөн асуудал байхгүй
2017-09-01, 04:17 PM

УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Үндсэн хуулийн 43.4 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барьсан. Тэд Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлдээ төсвийн мөнгийг концесс нэрээр танхимын сайд нартаа хуваарилсан хэмээн  тусгасан байдаг.

Тиймээс Концессийн асуудлаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг концессийн гэрээг танхимын сайд нартаа хуваарилсан хэмээн огцруулах бичиг өргөн бариад байна. Концесс хариуцдаг газрын даргын хувьд ямар нэгэн тайлбар өгөөч?

-Нэр бүхий гишүүд улстөрийн зорилгоор Засгийн газрыг огцруулах үндэслэлдээ төсвийн тухай хуулийг зөрчсөн гэсэн заалт оруулсан байна лээ. Тийм зүйл байхгүй. 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш бид ямар нэгэн гэрээ хийгээгүй. Тийм эрх ч үгүй болсон. Одоо яригдаад байгаа долоон гэрээний тав нь өмнөх Засгийн газрын үед тогтоол шийдвэр нь гарсан, гэрээ нь байгуулагдсан байсан. Энэ Засгийн газар байгуулагдаж, наймдугаар сарын дундуур эдийн засгийн байдал хүнд байгааг харгалзан  37 дугаар тогтоол гэж гаргаж, концессийн хэрэгжилтийг зогсоосон тогтоол гаргасан байгаа. Ерөнхий сайдаас бидэнд өмнөх Засгийн газрын үеэс эхэлсэн концесс гэрээнүүдийг цэгцэлж, шинээр зохион байгуулах үүрэг өгсөн. Үүний дагуу бид дотоод аудитаа ажиллуулаад, дүгнэлтээ гаргаж, Сангийн яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийсэн байгаа. Ерөнхийдөө нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой бөгөөд эргэн төлөлтийг 2020 оноос хойш болгохоор хэд хэдэн зайлшгүй шаардлагатай төслүүдээс явуулая гэдэг Засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарсан. Үүнээс зогсоосон, цуцалсан, гэрээнүүд бий. Мөн таван замын гэрээ хэлэлцээрийг шинэчлэн зохион байгуулсан. Эргэн төлөлтийг нь Сангийн яамтай хэлэлцсэний үндсэн дээр 2020 оноос хойш буюу улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр тавьсан. Үүнээс 50 тэрбум төгрөг хэмнэсэн. 

-Долоон концессийн тав нь өмнөх Засгийн газрын үеийнх юм бол хоёр нь одоогийн Засгийн газрынх гэсэн үг үү?

-Хоёр зүйл цоо шинээр зохион байгуулагдсан. Энэ нь зайлшгүй хэрэгтэй байгаа ХУД-т баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгах ажил байсан. Төрөх эмнэлгийн асуудал маш хүнд байгаа учраас үүнийг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдсэн байгаа. Мөн Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлсэн. Энэ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсанаар эхлүүлсэн шинэ автозам. Мэдээж томоохон бүтээн байгуулалтыг дэмжихийн тулд төвийн системтэй холбох зам хэрэг болсон. Энэ яригдаад байгаа төслүүд дээр барих, шилжүүлэх төрлийн концесс байгаа. Энэ нь хувийн хэвшлүүд эхлээд хөрөнгөө өөрсдөө гаргаж бариад дараа нь төсвөөс мөнгөө авах асуудал үүсч байгаа. Одоогийн байдлаар ийшээ олон тэрбум төгрөгийг мөнгө төгрөг шилжүүлээд өгөөд авсан асуудал байхгүй.  Ихэнх нь 2020 оноос төлбөрөө авах төслүүд явагдаж байна.

zaluu.com 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.