“MAЗДА” КОМПАНИ 2030 ОНООС ЭХЛЭН ЗӨВХӨН ГИБРИД БОЛОН ЦАХИЛГААН МАШИН ҮЙЛДВЭРЛЭНЭ
2017-09-15, 04:26 PM
ТОКИО./ТАСС/. “Мазда” компани 2030-аад оны эхний хагаст бензин, дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээс бүрэн татгалзаж, оронд нь гибрид, цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай баасан гарагт Японы “Коидо” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “Мазда” компанийн удирдлагаас ийм шийдвэр гаргах болсон нь дэлхий даяар экологийн норм чангарч, түлшний зарцуулалтад тавих шаардлага өндөрсөж байгаатай холбоотой ажээ. Үүнээс гадна, Японы автомашин үйлдвэрлэгч ийм маягаар экомашин үйлдвэрлэх чиг хандлага ихээхэн идэвхтэй хэрэгжиж буй Европын зах зээл дээрх өөрийн байр сууриа бэхжүүлэхээр тооцоолж байгаа юм.

Өнөө болтол “Мазда” компани голчлон эдийн засгийн хэмнэлттэй дизель, бензин хөдөлгүүр бүтээхэд голчлон анхаарч ирсэн хэдий ч бас гибрид төрлийн “Axela” загварын машиныг үйлдвэрлэдэг байна.

Энэ оны 8 дугаар сард Японы “Мазда”, “Тойота” компаниуд цахилгаан хөдөлгүүртэй машин зохион бүтээх мөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр хамтарсан үйлдвэрийн газар байгуулах зорилгоор түншлэл байгуулах гэж байгаа тухайгаа зарлаж байсан юм. Дээрх хоёр компани ийм түншлэл байгуулах болсон шалтгаан нь дэлхий даяар экологийн норм улам бүр чангарч байгаа мөн 2040 он гэхэд Их Британи, Франц улсууд дизель, бензин хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ зогсоохоор шийдсэн зэрэгтэй холбоотой ажээ.

Үүнээс өмнө Шведийн “Volvo” концерн гибрид, цахилгаан машин үйлдвэрлэхэд бүрэн шилжиж байгаагаа мөн зарласан юм.
Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.