С.Наранхүү: Монгол гэрээ Англи, Америкийн түншүүд рүүгээ тогтмол нийлүүлдэг
2016-09-28, 04:23 PM

Chingis.mn сайтынхаа “Үндэсний үйлдвэрлэл” буландаа “Уянга хийцийн өргөө” ХХК компанийн захирал С.Наранхүүг урьж ярилцлаа.

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Сайн байна уу? “Үндэсний үйлдвэрлэл” буландаа урисанд баярлалаа.

-Танай компани ямар чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай компани байгалийн аргаар хатаасан, цуулбар унь, ханатай монгол гэр үйлдвэрлэдэг. Түүнчлэн гэрийн дагалдах хэрэгслүүдийг бас үйлдвэрлэдэг.

-Хэдэн оноос эхлэн Монгол гэр үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Анх 1990-ээд оны сүүл үеэс эхлэн Монгол гэр үйлдвэрлэж эхэлсэн. Тухайн үед манай аав анх Монгол гэр үйлдвэрлэх, санаачлагийг гаргаж, компаниа үүсгэн байгуулсан. Монголд уул, уурхай хөгжихийн хэрээр эдийн засаг сэргэж, улмаар Монгол гэр зах зээлд эрэлттэй болсон. Тиймээс энэ бизнесийг анх хийж эхэлсэн байх. Аав минь хүмүүсийн амьдрах гэрийг бэлдэнэ гэдэг бол буянтай, сайхан ажил юм байна гэдгийг ухаарч, ажилдаа улам л дурлан, монгол гэрийг урлаж эхэлсэн гэж ярьдаг байсан.

-Аав тань аль нутгийн хүн бэ?

-Манай аав Өвөрхайнгай аймгийн Бат-Өлзий сумын хүн. Ойролцоох Уянга сум бол Уянгын хийцийн гэрийн өлгий болсон газар шүү дээ. Уянга нутгийн эрээн хийц чанартай, гоёмсгоороо алдартай.

-Яагаад “Уянга Хийцийн Өргөө” гэж нэрлэсэн бэ?

-Дээр үед хэлмэгдүүлэлтийн үед лам нар эхнэр авч, жирийн амьдарлаар амьдрах болсон. Тэгээд өөрсдийн сайн чаддаг гарын ур дүйгээрээ амьдралаа залгуулах болсон гэдэг. Тэд уран нарийн хийцтэй, чанартай гэрийг цөөн тоогоор хийдэг байсан. Энэ гэр нь хожим “уянга” хийцийн гэр хэмээн алдаршсан. Алдарт уянгын хийцийн гэр хийдэг байсан нутгийн хүмүүс нь “Уянга Хийцийн Өргөө” гэж нэрлэсэн.

-Өмнөх жилтэй харьцуулбал борлуулат ямар байна вэ?

-Эдийн засгийн өсөлттэй үед борлуулалт өндөр байсан. Одоо харьцангуй багасаад байгаа. Ер нь эдийн засгийн хямрал жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш их нөлөөлж байна.

-Монгол гэрийг хэрхэн хийдэг вэ. Хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Монгол гэрийн мод хийхэд их хугацаа ордог. Унь, хана, хаалга тооно баганыг мужаан хийдэг. Манай компани униа урьдчилаад бэлтгэдэг. Хамгийн эхэнд хаалга, тооно, баганаа хийдэг. Үүнтэй зэрэгцэн униа будганд оруулдаг. Дараа нь цулгай руу, дараа нь эрээн рүү оруулдаг. Ингээд гэрийн мод бэлэн болдог. Цаг агаараас хамааран долоо хоног орчим болдог л доо. Дулааны улиралд будаг хурдан хатдаг учир арай бага хугацаа зарцуулах талтай.

-Танай компани энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бусад компаниудаас юугаараа онцлог вэ?

-Мэдээж аль болох чанараараа ялгарахыг хичээдэг. Гэхдээ сэтгэл шингээж байж чанартай бүтээгдэхүүн гарна шүү дээ. Ядаж л хана нь сайхан таарсан, өнгө будаг нь таарсан эрээн, хээтэй байх хэрэгтэй. Дээр үед 30 гаран өнгө гаргаж, гэрийн эрээнийг хийдэг байсан. Харин манайх 10 гаран өнгөөр эрээнээ хийдэг. Ер нь авсан хүн нь аль болох удаан хэрэглээсэй гэж боддог. Тиймээс бид жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарлаа хандуулан, сэтгэл гаргаж урладаг.

-Танайх хичнээн ажилтантай вэ?

-Манайх одоогоор зургаан ажилтантай ажиллаж байна. 

-Ажилчиддаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Гэр хийж байгаа ажилчны сэтгэл зүй маш чухал гэж боддог. Яагаад гэвэл тэр гэрт хүмүүс гал голомтоо бадрааж амьдарна. Тиймээс ажилчиддаа өөрөө амьдарна гэж бодоод хийгээрэй гэж захидаг. Би хааяа зав гарахаараа гэрийн хээ тавих буюу эрээн хийдэг. Ингэж бүтээлээ зурж, хийж байхдаа энэ гэрт амьдарч байгаа хүмүүс аз жаргалтай сайхан амьдраасай гэж боддог. Авсан гэр нь эзэндээ таалагдаж, удаан эдэлж, удаан амьдраасай. Тэр хүн энэ гэрт амьдарна, муу энерги шингэж болохгүй гэж боддог доо.

-Залуу эмэгтэй хүний хувьд Монгол гэр үйлдвэрлэдэг компанийг удирдан, авч явна гэдэг бас л ур чадвар шаардсан ажил юм. Шантрах үе гарч байв уу?

-Шантрах үе байсан ч ажилдаа дурлаад ирэхээр хөндийрч огт чаддаггүй юм билээ. Өөр газар ажилласан ч эргээд л эндээ ирдэг юм билээ.

-Хүмүүс гэрийг хэдий үед их авдаг вэ?  

-Монгол гэрийн бизнес бол улирлын шинж чанартай. Дулааны улиралд буюу хавраас, намрын хооронд захиалга их байдаг. Өвөл гадаад руу гаргах гэр хийхэд анхаарлаа хандуулдаг.

-Гадаад руу Монгол гэр нийлүүлдэг юм уу?

-Тийм ээ. Манайх Англи, Америк руу тогтмол нийлүүлдэг. Хамтран ажилладаг түнштэй. Манайхаас гэрийг бөөнд захиалж аваад тэндээ дахин зардаг түншүүд олон бий.

-Гадны зах зээлд нийлүүлдэг гэр, дотоодын зах зээлд нийлүүлж буй гэрээс ялгаатай юу?

-Мэдээж ялгаатай. Гадаад, дотоодод нийлүүлж буй гэр хийж буй стандарт, загвар, дизайны  хувьд өөр. Жишээлбэл манайх шиг хуурай, хүйтэн уур амьсгалтай газарт байгаа гэрийг Европын дулаан, чийг ихтэй газарт аваачбал эдэлгээ муутай байх жишээтэй.

-Алс хэтдээ гадаад дахь зах зээлээ тэлэх бодол бий юу?

-Гадаад дахь зах зээлээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дотооддоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ гэж бодоход аж ахуй нэгжийн орлогийн албан татвар, НӨАТ төлөх ёстой. Харин гадны зах зээлд бараагаа нийлүүлэхэд НӨАТ-аас чөлөөлөгддөг. Тиймээс эдийн засгийн хувьд ашиг олоход таатай хөшүүрэг болж өгдөг.

-Гадаадын хэрэглэгчид ямар загварын гэр сонирхдог вэ?

-Гадаадууд монголчуудаад тэс өөр, содон өнгө, загварын гэр авахыг хүсдэг. Гадаадуудад зориулан хийж байгаа гэр миний мэдлэгийг шавхдаг. Яг ийм өнгөөр будуулмаар байна гэдэг. Гэтэл тэр нь хүний нүдэнд дасаагүй гаргахад хэцүү сонин өнгө байдаг. Монголчууд бол улбар шар өнгөөр л будуулдаг. Гадаад хүний захиалсан гэр хийнэ гэдэг нэг талын сорилт байдаг.

Монголчууд сандал дээр жижиг гурвалжин галны хээ тавиулдаг. Гадаадынхан бол ийм гурван дусал шиг юм хийлгэхгүй гэдэг. Гадаадынхан яг ийм байх ёстой гэж захиалга өгсөн бол яг тэр өнгө, загвараар хийсэн гэрээ л авдаг.

-Танай компанийн үйлдвэрлэдэг гэрийн онцлог юу вэ?

-Манайх хар модон цуулбар хана хийдэг. Хамгийн удаан эдлэгдэх, хамгийн үнэтэй зүйл нь гэрийн мод. Эсгийгээ химийн бодис багатай, цэвэрхэн сайхан ноосоор хийсэн байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ гэрийн мод хамгийн чухал. Гэрийн модны таарц сайн байвал, тухайн гэр гоё хэлбэртэй харагддаг.

-Монгол болон гадны худалдан авагчид ямар ялгаатай вэ?

-Монгол худалдан авагчид үнийн мэдрэмж өндөртэй. Үнээ аль болох доош нь барих хэрэгтэй болдог. Хэдийгээр тэдний үнийн саналыг харгалзан үздэг ч гэсэн бид чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрхэвч болохгүй. Гадны худалдан авагчдын хувьд үнэ гэхээсээ илүү чанар, өнгө хийцийг өөрийн хүссэнээр хийлгэх сонирхолтой. Тэд шаардлага өндөртэй.

-Урилгыг минь хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа

Chingis.mn Сэтгүүлч А.Уянга 

 

Сэтгэгдэл
Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.chingis.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7000-1924 утсаар хүлээн авна.